Санхүүгийн бүртгэл номны тухай

Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн “Бүртгэл шинжилгээний тэнхим”-йин багш нарын ээлжит бүтээл цахим хэлбэрээр уншигч та бүхний гар дээр хүрч байна. Уг бүтээл нь 2023 оны байдлаар мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартад нийцсэн болно. Өнгөрсөн хугацаанд тус тэнхимийн багш нар Дунд шатны нягтлан бодох бүртгэл, СТОУС-ын хэрэглээний тайлбар, Санхүүгийн тайлагнал-1,2, Өртөг гүйцэтгэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага зэрэг мэргэжлийн сурах бичиг орчуулах, бичих ажилд оролцсон байна. Үүнээс гадна Санхүүгийн бүртгэл, Санхүүгийн дунд шатны бүртгэл, Өртгийн бүртгэл, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Аудит, Санхүүгийн дээд шатны нягтлан бодох бүртгэл, Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, СТОУС хичээлийн гарын авлага, тест, бодлогын хураамжийг боловсруулж, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа юм.

Гарын авлагын 1-р бүлгийг Х.Нямбаяр, 2-р бүлгийг Х.Нямбаяр, Ц.Намуун, 3-р бүлгийг З.Ундармаа, 4-р бүлгийг Г.Золбоо, 5-р бүлгийг Ш.Цэцэгжаргал, 6-р бүлгийг С.Цэвээнжаргал, 7-р бүлгийг Ц.Одгарав, 8-р бүлгийг С.Цэвээнжаргал, 9-р бүлгийг З.Ундармаа, Х.Нямбаяр, 10-р бүлгийг Г.Золбоо, Т.Золбоо, 11-р бүлгийг Т.Золбоо, 12-р бүлгийг Ш.Цэцэгжаргал, Г.Золбоо нар эмхэтгэн бичсэн.

Гарын авлага нь 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  1. Онолын хэсэг- 12 бүлэгтэй. Санхүүгийн бүртгэлийн үндсэн ойлголтуудыг системтэй, товч, тодорхой байдлаар хураангуйлан бичиж, жишээгээр баяжуулсан бөгөөд бүлэг бүрийн төгсгөлд нэр томъёоны тайлбарыг оруулсан. Мөн номтой ажиллах заавар, хүснэгтийн жагсаалт, үзүүлэнгийн жагсаалт багтсан.
  2. Тестийн эмхэтгэл- 12 бүлэгтэй. Худалдааны байгууллагын бүртгэлээс эхлээд санхүүгийн тайлангийн хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, тайлагналын сэдвийг хамарсан … энгийн … бодолттой тестийг багтаасан.

Санхүүгийн бүртгэл хичээлийн гарын авлага нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж байгаа оюутан суралцагсад, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэж байгаа мэргэжилтнүүдийн оюуны хэрэгцээг хангана гэдэгт найдаж байна.

Бидний бүтээлд эндүү ташаа зүйл, үг хэллэг, агуулгын алдаа зэрэг дутагдал байвал эрхэм уншигч та бүхэн шүүмжлэлтэй хандаж, саналаа Мандах Их Сургуулийн Бүртгэл шинжилгээний тэнхимд burtgelshinjilgee@mandakh.edu.mn  хаягаар ирүүлбэл гүнээ талархах болно.

Сайн бүртгэл дэлгэрэх болтугай.