Нягтлан бодох бүртгэлийн үндэс номын тухай

Манай орны их, дээд сургуулиудын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн багш нар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн системд шилжиж байгаа өнөө үед улс орныхоо аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийг олон улсын жишигт нийцсэн онол арга зүйгээр хөтөлж явуулах талаар их зүйл хийж, ном, сурах бичиг зохиож, нийтийн хүртээл болгосоор байна. Ийм номны нэг нь багш Х.Нямбаяр, Д.Гантулга нарын бичсэн энэ ном юм. 

Х.Нямбаяр, Д.Гантулга нарын бичсэн “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” сурах бичгийг хянан сайжруулж та бүхний гар дээр хүргэж байна. Энэхүү сурах бичгийг хянан редакторлож өгөхийг санал болгосонд шавьдаа баярлахын ялдамд уг ном тэдний хичээнгүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадварын илэрхийлэл болж, олон мянган уншигчдын мэдлэгт зохих хувь нэмрээ оруулсан сайн бүтээл болжээ гэдгийг хэлэхэд таатай байна. 

Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулиудын “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” хичээлийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн, товч, ойлгомжтой, хангалттай тайлбар жишээтэй бүтээл болжээ гэж редакторын зүгээс дүгнэж байна.  

Нөгөө талаар энэ номд үг хэллэг зүгшрээгүй тодорхой ойлголтоор зөрчилтэй зүйл байхыг үгүйсгэхгүй. Иймд эрхэм уншигч та бүхэн уншиж судлахын хамт агуулга, үг хэллэгт шүүмжлэлтэй хандаж, саналаа Мандах Их Сургуулийн Бүртгэл шинжилгээний тэнхимд гэсэн хаягаар ирүүлэхийг хүсье.  

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.